(+976-11)-311320 ENG
Нийтэлсэн: 2019 он 04 сар 30. 16 цаг 59 минут

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

ОЙДОВЫН УРТНАСАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ТҮҮХЭНД МӨНХӨРСӨН ДҮРС” ҮЗЭСГЭЛЭН

2019 оны 5-р сарын 1-3-ний өдрүүд, Монголын театрын музейд болно.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасан 1929 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн бөгөөд 2019 онд түүний мэндэлсний 90 насны ой тохиож байна.О.Уртнасан 1937-1941 онд төрөлх сумынхаа бага сургууль, 1941-1947 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж төгсжээ. 1952-1957 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучин нэрээр) Москва хотноо Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуульд суралцаж онцсайн дүнтэй дүүргэсэн манай улсын кино урлагийн дээд боловсрол эзэмшсэн ууган мэргэжлийн зураглаач юм.О.Уртнасан 1947 онд “Монгол кино” үйлдвэрт туслах оператороор ажлын гараагаа эхэлж, 40 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа “Бидэнд юу саад болж байна”, “Ардын элч”, “Алтан өргөө”, “Морьтой ч болооосой I, II анги”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, “Өглөө”, “Тэмцэл”, “Их замын тоос зэрэг уран сайхны кино, “Говьд”, “Хангайд”, “Дэлхийн ан агнуурын үзэсгэлэн”, “Хар ус нуур”, “Аргаль, Угалз”, “Цагаан зээр”, “Миний янзага”, “Ан”, “Хан хэнтий нүцгэрэх үү”, “Их говийн дархан газар”, “Үлэг гүрвэлийн мөрөөр”, “Хулан”, “Хавтгай” зэрэг 80 гаруй баримтат кинонд зураглаач буюу найруулагчаар ажилласан Монголын баримтат киноны нэрт зүтгэлтэн, ахмад уран бүтээлч байлаа.

1957 онд оюутан тэрээр Москва хотноо болсон олон улсын оюутан залуучуудын кино үзлэгт “Наадам” баримтат киногоороо  тэргүүн байр эзэлж хамгийн хүндтэй шагналыг гардан авсан нь оюутны дипломын шилдэг бүтээл гэж олон жилийн турш оюутнуудын сургалтад үлгэрлэн үзүүлэх бүтээлийн жагсаалтад орсон төдийгүй түүний бүтээлцсэн “Манай оронд”, “Ан”, “Говьд”, “Хангайд”, “Хар хөрсний булга”, “Их говийн дархан газар”,  “Ардын элч”, “Тус биш ус”, “Өглөө” зэрэг кинонууд нь Ази, Африкийн кино наадам, Москва, Ташкент, Чехсловакийн Карловы Вар, Польшийн Краков,  Болгарын Пловдивын  олон кино улсын 10-аад кино наадмуудаас мөнгө, хүрэл медалиуд, хүндэт дипломууд хүртсэн байна.1966 онд бүтээсэн “Говьд” кинонд нэн ховор говийн баавгай “Мазаалай”-г Монгол киноны хальсанд анх удаа буулгасан бол  “Их говийн дархан газар” кинонд 15 ботготой, 115 хавтгайн том сүргийн амьдралыг дэлхийн  киноны түүхэнд анх мөнхлөн үлдээсэн гавьяатан гэж монгол түмэн, үзэгчид өндрөөр үнэлдэг билээ.

О.Уртнасангийн бүтээл нь монголоо гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой  амьд байгаль, ан амьтдын унаган төрх, дүр хөрөг төдийгүй уран бүтээлийн бас нэг чухал онцлог нь эх орноо, байгалиа хамгаалах сэдэвт “Таван нуурын дууль”, “Богд хан уул минь”, Рашаан ус минь ариун байг”, “Хан Хэнтий нүцгэрэх гэж үү” зэрэг хурц асуудлыг зоригтой хөндсөн баримтат кинонуудыг бүтээсэн байдаг.  Төр засгаас түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлэн “Төрийн соёрхол”, “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол, “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

О.Уртнасан бол манай алтан үеийнхний залгамж болж, хойч үеэ өлгийдөн авсан өнөд дурсагдах ачтан, кино урлагийн түүхэнд мөнхрөх гавьяатан юм. Иймд түүний мэндэлсний 90 насны ойг түүний амьдралын замнал алдар гавьяаг нь залуу үе хүүхэд залуучуудад  сурталчлан танилцуулах, нэгэн үед хамтран ажиллаж байсан ахмад үеийнхэнтэй нь хамт дурсах зорилгоор тэмдэглэж, Түүхэнд мөнхөрсөн дүрс үзэсгэлэнг гаргаж байна.Уул үзэсгэлэнгийн үеэр түүний бүтээсэн киног үзүүлж, амьдрал уран бүтээлийг өгүүлсэн гэрэл зураг, эд зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд тавтай морилогтун.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү

14200, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг А.Амарын гудамж, Соёлын төв өргөө
Утас : (976-11)-311320
Факс : (976-11)-311320
E-Mail : theatre_mus@monheritage.mn