(+976-11)-311320 ENG
Нийтэлсэн: 2020 он 03 сар 05. 16 цаг 00 минут

“Намтар дуулах дацан” буюу монголын уламжлалт театр

      Равжаа нь харагчин гахай жил буюу Сайшаалт ерөөлт хааны наймдугаар онд /1803 он/ хуучин Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Дулаан харын баруун өмнө, Дэнгийн худгийн хойно, Шувуун хэмээх өчүүхэн шандны дэргэд /одоогийн Дорноговь аймаг/ ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ. Равжаа бага балчир наснаасаа ядуу зүдүү, өнчрөл хагацлын зовлон амсаж, эцгээ дагаж гуйлга гуйж, бусдад зарцлагдан амьдарч байжээ. Равжаа могой жил /1809 он/ Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди болов.  Равжаагийн авьяас билэг нь 7- 8 настайгаасаа тодорч шүлэг дуу зохиож эхэлжээ. Товч намтарт өгүүлснээр: айлын жасаа даллагад очиж үүдэн хавир сууж байх үедээ:

Үүл гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээн хойморь юуны ялгаа вэ?

Үхэл ирээд үхэхийн цагт

Хөгшин гэмээн залуу юуны ялгаа вэ? хэмээн Хурмаст тэнгэр хэмээх дууг дуулахад тэр найрын хүмүүс ихэд гайхацгаав. Үүнээс эхлээд ямар нэгэн ахуй үесэд тохируулан 50 шахам дуу, 30 гаруй гүрийг айлдан зохиосон байхыг үзвээс маш их гайхамшиг болов гэжээ.

Равжаа цовоо сэргэлэн, сод ухаантай авьяаслаг хүүхэд байсан учир олонд алдаршиж тэдний хүндэтгэл, итгэл бишрэлийг хүлээж удалгүй Говийн ноён хутагтын тавдугаар дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгджээ.

Д.Данзанравжаа шашны нэрт зүтгэлтэн төдийгүй соён гэгээрүүлэгч, яруу найрагч, зураач, найруулагч хүн байв. Тэрээр 1831 онд Алшаагийн газар очиж тэнд Миларайба, Адишаагийн намтрыг сонсож ирээд Дорноговийн нутаг Хамрын хийдэд жүжиг тоглох зориулалт бүхий сүм бариулжээ.

“Саран Хөхөөний намтар”-ыг Данзанравжаа Төвд хэлнээс хөрвүүлэн найруулж түүнийгээ монгол ахуйд тохируулан бичиж, тухайн үеийн нийгмийн эмх замбараагүй байдлыг хурц тод илэрхийлж, ямарваа үнэн зүйл хэзээд ялан дийлдэг гэсэн утга санааг гаргаж тоглуулснаар театрын жүжигт ойртсон, монгол ахуй амьдралыг тусгасан жинхэнэ монгол жүжиг болж чадсан юм.  Жүжгийн эх бичмэл нь нийт 9 бүлэг ба үйл явц нь нарийн мөрдлөгтэй, хөшиг хагас, бүтэн хаахыг хүртэл нарийн зааж өгсөн бий. 1830-1920-иод онд  “Саран Хөхөөний  намтар”-ыг Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт тоглуулж байсан байна. “Намтар дуулах дацан” 3 давхар сүм бөгөөд 1-р давхарт жүжгийн үйл явдал, 2-р давхарт жүжгийн завсарлагаар бодит амьдралаас сэдэвлэн хошин шог үзэгдлүүд тоглож байв. 3-р давхарт Данзанравжаа өөрөө сууж толины тусгалд тоглолтоо хянадаг байв.  Жүжигт хөгжимчид гол үүрэг гүйцэтгэдэг ба тоглолтын үеэр тусгай өрөөнд орж жүжгийн ая, дуу чимээг гаргадаг байжээ.

Тоглолтыг үнэмшилтэй харагдуулахын тулд бүхий л аргыг хэрэглэдэг байсан ба тайзны засал чимэглэл уран нарийн хийцтэй цэцэг навч уул ус зэргийг цаасаар жонхуудан нааж хөөмөлдөн хийдэг, жүжигчид өөрөө өөрсдийнхөө дүрд тохирсон хувцас хэрэглэлтэй, тэдгээрийг дархчуул урчуудаар засаж сэлбүүлдэг байжээ.  Дуу гаргах хэрэгслийг ихээр ашигладаг байв.

Тухайлбал: ус шүршиж бороо оруулдаг, гөлмөн төмөр сэгсэрч тэнгэр дуугарахыг дуурайлгадаг, давирхайг хүхэртэй найруулж хийсэн таньчуу гэгчийг тэслэж аянга цахилгааныг дүрсэлдэг, будгаар будаж үлээсэн хонины гүзээгээр үүл дүрсэлдэг. Машид тохирсон нүүрний хувиргалт, будалтын аргаар жүжгийн дүр дүрслэн, дуу чимээний байдлыг чадмаг үзүүлдэг байжээ. Түүнчлэн жүжигчин хэлэх үгээ мартвал хажуугаас шивнэж сануулах тусгай хүн хүртэл томилдог байжээ. Тоглолт долоо хоногоос сарын туршид ч үргэлжилдэг асар арвин үзэгдэлтэйгээс гадна “Саран Хөхөөний намтар” жинхэнэ монгол ахуйгаас эх үүслээ авсан сонгодог нэгэн бүтээл юм.

Эдгээрээс үзэхэд театр тоглолтын өндөр хариуцлага, чадвар бүхий монголчуудын эртний суурьшмал хийгээд нүүдлийн театр байсныг харуулж байна.

1-р давхарт: жүжгийн гол үзэгдлүүд

2-р давхарт: завсарлагын жижиг үзэгдлүүд тус тус тоглогддог бол

3-р давхарт: Данзанравжаа өөрөө сууж толины тусламжтайгаар тоглолтыг хянадаг байв.

“Намтар дуулах дацан” Дорно дахины 3 давхар сүм хэлбэртэй. Д.Равжаагийн “Саран хөхөөний дуулал” нэртэй жүжгийг тоглуулдаг байсан “Намтар дуулах дацан”-гийн  төрх байдал, хийцийг дуурайлган хийсэн макет Монголын Театрын музейн “Театрын уламжлал” танхимын хоймроо байрладаг. Музейн үзэгч олны сонорыг мялаан, сонирхлыг татдаг шилдэг үзмэрүүдийн нэг билээ.”Намтар дуулах дацан” макетын талаар Дорноговь аймгийн музейн захирал асан Г.Цагаандэрэм дурсамжиндаа:  Дорноговь аймгийн Данзанравжаагийн музейгээс захиалж 1991 онд хийлгэж байсан. Макетыг голлон урласан хүн нь барималч СТА Баадгайн Даваа, зураач хүний үүднээс дизайн дүрслэлийнх нь хувьд санаа оноогоо хэлж хамтран бүтээсэн юм гэж дурьдсан байдаг.

Макетын урт-196 см, өндөр-120 см, зузаан-140 см. Макетыг мод, төмөр, даавуу, будгаар хийсэн.

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Өмнөх мэдээ
Дараах мэдээ

14200, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг А.Амарын гудамж, Соёлын төв өргөө
Утас : (976-11)-311320
Факс : (976-11)-311320
E-Mail : theatre_mus@monheritage.mn